Түүхэн замнал
  • 2024 оны 02 сарын 16

Түүхэн замнал

                                                                                           ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО
      Өнөөгийн Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭЗШУИС) нь “Монос” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Монголын Анагаах Ухааны Академи (МАУА)-ийн гишүүн-Академич, Эм Зүйн Ухаан (ЭЗУ)-ы доктор, профессор Лувсангийн ХҮРЭЛБААТАРЫН санаачлагаар үүсгэн байгуулагдсан анхны хувийн хэвшлийн Эм Зүйн Сургууль бөгөөд Гэгээрлийн сайдын 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар “Монос” коллеж нэртэйгээр уламжлалт анагаах ухаан, эм зүй гэсэн 2 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
        “Монос” коллеж нь анх 352.7 м2 талбай бүхий хичээлийн нэг байранд 10 багш, 70 оюутантай, Гэгээрлийн сайдын 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 194 тоот тушаалаар эм найруулагч мэргэжлээр дипломны боловсрол олгох сургалтын тусгай зөвшөөрөл бүхий анхны элсэлтийн 24 оюутантай сургалтын үйл ажиллагаа эхэлсэн байна. 
       Боловсрол соёл шинжлэх ухааны сайд (БСШУЯ)-ын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллын дагуу “Монос” Дээд Сургууль болсон. Дээд сургууль болсноор шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж, дипломын болон бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болсон.
         БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 227 тоот тушаалаар магистрын сургалт явуулах эрх албан ёсоор авч, тухайн оныхоо намар анхны элсэлтээ авснаар магистрын сургалтын үйл ажиллагаа эхэлжээ.
      Тус сургууль нь 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сурганы үйл ажиллагаа, эдийн засгийн хувьд чамлахааргүй туршлага хуримтлуулан 2005 онд анхны төгсөлтөө хийж, байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлангаа бичиж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр анх удаагаа магадлан итгэмжлэгдсэн.
       2010 онд бүтцийн өөрчлөлтөөр эм зүйн удирдлага технологийн тэнхим, Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхим, Клиник эм зүй, Био-Анагаахын тэнхим гэсэн 3 тэнхим бүхий “Монос” Дээд Сургууль тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба сургуулийн захирлаар АУ-ы доктор, профессор Б.Амаржаргал томилогдон ажиллаж байв.
       “Монос” Дээд Сургууль нь цаашид сургалтын үйл ажиллагаагаа сайжруулан, хөгжүүлж, өргөжихийн хэрээр сургалтын албаны үйл ажиллагаанд UNIFACE программ хангамжийг нэвтрүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн болон материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд 1600 м2 бүхий хичээлийн шинэ байрыг ашиглалтад оруулав. Мөн номын сангийн үйл ажиллагаанд LIB4YOU программ хангамжийг нэвтрүүлж, физиологи, эмгэг физиологи, эмнэл зүй, морфологи, гистологийн танхимыг шинээр байгуулан тохижуулж, биологи, ургамал судлалын хичээлийн ур чадварын кабинетыг Монгол Улсын их хурлын гишүүн асан Биологийн ухааны доктор Л.Эрдэнэчимэгийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулсан. 
         
Тус сургууль 2012 онд БСШУ-ны яамны их дээд сургуулийн аттестачлалд амжилттай дүгнэгдэж гэрчилгээ гардан авав. Мөн энэ онд “Монголын эм зүй, эм судлал” сэтгүүлийг шинээр эрхлэн гаргасан төдийгүй эрдэм шинжилгээний олон улсын хурлыг ОХУ-ын Буриадын их сургуультай хамтран зохион байгуулж эхэлсэн.
       Түүнчлэн энэ онд Эм зүйн байгууллагуудын бүртгэл тайлан тооцоо, төлөвлөлт хичээлийн ур чадварын кабинетыг шинээр байгуулж, мөн эмийн санд хэрэглэгддэг программ хангамж (Macs 2000)-ийг сургалтад нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн бол өнөөдөр суралцагчдыг практикаас хоцроохгүйн тулд эм сан, эм хангамжийн байгууллагуудад өргөн хэрэглэдэг ORION болон IRP гэсэн санхүүгийн цогц программ хангамжийг сургалтад ашиглаж байна.
           2013 оны хичээлийн жилээс тус сургуулийн захирлаар МАУА-ийн гишүүн-Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам томилогдон ажмллаж эхлэв. 2013 онд сургууль 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. 2015 онд БМИҮЗ-өөр “Эм зүйч” мэргэжлийн хөтөлбөрийг анх удаа, 2021 онд 2 дахь удаа магадлан итгэмжлүүлэв.
        2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн БСШУЯ-ны сайдын А/80 тоот тушаалаар “Монос” Дээд Сургууль нь их сургуулийн ангилалд орж Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭЗШУИС) болон өргөжин, хөгжсөн билээ.
ЭЗШУИС нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах гэсэн 3 үндсэн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.
         2023 оны байдлаар төгсөлтийн өмнөх сургалтын дэд бакалаврын түвшинд 2 хөтөлбөр (Эм найруулагч, сувилахуй); бакалаврын түвшинд 4 хөтөлбөр (Эм зүйч, Эмийн үйлдвэрийн инженер технологич, Уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч); төгсөлтийн сургалтын магистр, докторын түвшинд 3 хөтөлбөр(Эм зүйн ухааны магистр, Уламжлалт анагаах ухааны магистр, Эм зүйн ухааны доктор); төгсөлтийн дараах сургалтаар Эм зүйн удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр урт хугацааны мэргэшүүлэх болон богино хугацааны багц цагийн сургалтуудыг тус тус эрхлэн явуулж байна.
        ЭЗШУИС нь “Эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл” хосолсон хөтөлбөр хэрэгжүүлэгч тэргүүлэх их сургууль байна хэмээх эрхэм зорилгын хүрээнд багш, судлаач, оюутан суралцагчид эрдэм судалгааны ажил хийж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацийн хөгжлийн бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий GMP-ын шаардлага хангасан “Монос фарм” эмийн үйлдвэр, Эм судлалын хүрээлэн, бүтээгдэхүүн үйлчилгээ, маркетинг хүргэх зорилгоор худалдаа үйлчилгээний салбар болох Монос-УБ, Монос ХХК,  мөн их сургуулийн дэргэд Синдүра мед эмнэлэг зэрэг дадлагын бааз, түшиц газруудад мэргэжлийн мэргэшүүлэх  дадлага, семинарын хичээлийг явуулж онол практик хосолсон сургалтаар оюутнуудыг чадавхжуулж  байна.
           Ийнхүү их сургуулийн дэргэдэх эм судлалын хүрээлэн, эмийн үйлдвэр, эмийн сан, эмнэлэг зэрэг дадлагын бааз газруудаар дамжуулан мэдлэгийг баялаг бүтээгч болгох чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргадаг нь ЭЗШУИС-ийн онцлог давуу тал юм.
Монголын Анагаах Ухааны Академийн түшиц сургууль болох “Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль” нь дэд бакалаврын боловсрол, бакалавр, магистр, докторын түвшинд эрүүл мэндийн болон эм зүйн салбарын хүний нөөцийг бэлтгэн гаргахад одоогийн байдлаар 32 (48%) эрдэмтэн профессор, зөвлөх, 112 багш судлаач, ажилтан, 1300 гаруй суралцагчтай, жилд 200 гаруй мэргэжилтэн бэлтгэдэг, магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлтэй, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, үндэсний хэмжээнд их сургууль болж, өргөжин хөгжсөөр байна.
           ЭЗШУИС нь сургалтын үйл ажиллагаандаа Нэгдсэн менежментийн тогтолцоо (ISO 21001:2018,  ISO 9001:2015) -г нэвтрүүлэн анхан шатны баталгаажилтын гэрчилгээ авсан.
         ЭЗШУИС-ийн бүх шатны диплом БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх Эрдэм солилцооны төв (CSCSE)-д албан ёсоор бүртгэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн. Ийнхүү коллежоос их сургууль болтлоо өргөжин, хөгжихэд үе үеийн багш, удирдлага, захирлууд болон тус сургуулийг үүсгэн байгуулагч Лувсангийн ХҮРЭЛБААТАР багшийн оруулсан хувь нэмэр, санал санаачилга, дэмжлэг туслалцааг үнэлж баршгүй билээ.  
                                                  Эрүүл мэндийн салбарын хамгийн үнэ цэнтэй нөөцийг бэлтгэхэд оюун ухаан, сэтгэл зүрхээ харамгүй зориулсан, зориулж буй  үе үеийн удирдлагууд, зөвлөхүүд, багш судлаач,
                                                                                             ажилтан ажиллагсдадаа
эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын эрдмийн их аянд нь өндөр амжилт хүсье!

ЭЗУ-ы доктор,  профессор  Л.Уламбаяр

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team