АНАГААХЫН ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН САЛБАР ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
  • 2023 оны 11 сарын 05

АНАГААХЫН ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН САЛБАР ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Анагаахын Ёс Зүйн Хяналтын Салбар Хороо (цаашид “Салбар хороо” гэнэ) нь тус сургуулийн хэмжээнд явагдаж буй судалгаа шинжилгээний ажлаар ёс зүйн холбогдолтой асуудалд зөвлөгөө өгөх, хяналт тавих, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэйгээр ажиллана.
1.2 Салбар хороо нь Монгол улсын хууль тогтоомж, тус улсад мөрдөгдөж буй олон улсын баримт бичиг, Эрүүл мэнд болон Боловсролын сайдын тушаал, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн захирлын тушаал зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн заалтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
1.3 Салбар хорооны бүтэц, үйл ажиллагаа, гаргах шийдвэр нь улс төр, захиргаа болон аливаа мэргэжлийн байгууллага, зах зээлийн нөлөөнөөс ангид байх шаардлагатай.
1.4 Салбар хороо нь гагцхүү шударга байх зарчмыг баримтална. Шударга байх зарчим нь сургалт, судалгааны ажлын үр ашиг болон ачааллыг нас, хүйс, эдийн засгийн   байдал, соёл, угсаатан зүйн талаас үл ялгаварлан, нийгмийн бүх анги бүлэгт жигд хүртээхийг шаардахад оршино.
1.5 Салбар хороо нь энэ журмаар олгогдсон эрх, үүрэг, зорилтоо хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хурлаараа хэлэлцэх буюу эксперт, комисс томилон шийдвэр гаргана.
1.6 Салбар хорооноос гаргасан шийдвэрийг тус сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистрант, резидент, судлаач оюутан, судалгааны болон төслийн баг ёсчлон биелүүлнэ.
1.7 Салбар хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд захирлын тушаалаар томилж, чөлөөлнө. 
1.8 Салбар хороо нь судалгааны ажилд ёс зүйн дүгнэлт өгөх тусгай хэвлэмэл хуудас (албан бланк), албан E-мэйл хаягтай байна. 

ХОЁР. САЛБАР ХОРООНЫ ЭРХ

2.1 ЭЗШУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистрант, резидент, судлаач оюутан, судалгааны болон төслийн багаас хийж буй эмнэл зүйн болон эмнэл зүйн өмнөх туршилт (а. Хүн ба амьтан оролцуулсан, б. Цогцос, в. Тархвар зүйн судалгаа, г.эм, вакцины туршилт г.м.)-д хяналт тавьж, дүгнэлт гарган, сургуулийн Эрдмийн зөвлөл, шаардлагатай бусад байгууллага, зөвлөлд уламжлах.

2.3 Судалгааны явцад багш, судлаач нь мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол түүнийг хэрхэн засч залруулах талаар шийдвэр, зөвлөмж гаргана.

2.4 Судалгааны аргачлал болон судалгаа, шинжилгээний явцад ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол засан залруулах талаар судлаачид зөвлөмж өгнө.
2.5 Докторант, магистрантын диссертаци, тезис, аливаа судалгааны илтгэл, өгүүлэлд хүний эрхийг ёс зүйн хүрээнд зөрчсөн нь тогтоогдвол хурлаараа хэлэлцэн, хамгаалах, нийтлүүлэхийг татгалзсан шийдвэр гарган, зохих хариуцлага хүлээлгэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах.
2.6 Бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй тохиолдолд хэлэлцүүлгийг хойшлуулна.
Шаардлагатай тохиолдолд судлаач, судалгааны багаас нэмэлт мэдээлэл авах

ГУРАВ. САЛБАР ХОРООНЫ ҮҮРЭГ

3.1 Салбар хорооны гишүүд нь хуулийг дээдэлж, олон улсын болон үндэсний хэмжээнд судалгааны ёс зүйн чиглэлээр гарсан баримт бичиг, журмыг мөрдлөг болгон, ёс зүйн алдаа гаргахгүй байна.
3.2 Салбар хороо нь тус сургуулийн багш, судлаачийн ёс зүйн зөрчилтэй холбогдол бүхий аливаа мэдээлэл, хүсэлт, гомдлыг хүлээн авч, асуудлыг шалган тодруулж, дүгнэлт өгч, шийдвэр, зөвлөмж гаргана.
3.3 Салбар хорооны нарийн бичгийн дарга хурлаар хэлэлцүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг гарган өгнө. 
3.4 Салбар хороо нь өргөн барьсан судалгааны ажлын төслийн ёс зүйн хяналтыг бусдаас үл хамаарч, бие даан, чансаатай бөгөөд тодорхой хугацаанд хийж байх ёстой.
3.5 Салбар хороо нь өргөн барьсан судалгааны ажлын төсөл, судалгааны ажлыг эхлэхээс өмнө хянан үзэх, зөвшөөрсөн шийдвэрийн дагуу хэрэгжиж буй судалгааны ажлын явцад үе үе хяналт тавьж байх үүрэгтэй.
3.6 Судлаачийн судалгааны ажил дууссанаас хойш үр дүнг тайлагнах, хүлээлгэн өгөхийн өмнө ёс зүйн хороо хэлэлцэж дүгнэлт гаргана. 
3.7 Салбар хороо нь судалгаанд шууд оролцогчид болон холбогдох хамт олны бүхий л ашиг сонирхлыг хариуцах бөгөөд судлаачдын сонирхол, хэрэгцээг харгалзан үзэхийн чацуу, холбогдох зохицуулах албадын болон хэрэглэж буй хуулиудын  шаардлагыг хүндэтгэн үзэх үүрэгтэй.
3.8 Судалгааны ажлын талаар ёс зүйн зөвлөгөө авахаар хүсэлт гаргасан судлаачдад өөрийн орны болон тус улсад мөрдөгдөж буй олон улсын хууль тогтоомж, тушаал, заавар журам зэргийг үндэслэн, шинжлэх ухааны үндэстэй, үр дүнтэй зөвлөгөө, зөвлөмж өгч байх.
3.9 Судлаачийн судалгаа шинжилгээний ажлын явцад биоанагаахын ёс зүй зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж байх.
3.10 Судлаачийн бүтээлд ёс зүйн зөрчил байгаа эсэхийг хянуур, хариуцлагатай судлан, дүгнэлт гаргаж, хамгаалуулах зөвлөлд ёс зүйн хорооны зөвлөмж, үнэлэлт дүгнэлтийг уламжилна.
3.11 Салбар хороо нь ажлынхаа чансаа, үр өгөөжийг нотолж байх шаардлагатай ба өөрийн үйл ажиллагааг тоймлон нэгтгэж, жил бүр тайлан тогтмол гаргаж байна. Мөн өөрийн үйл ажиллагаатай холбоотой бүх баримт материалыг зохих дүрэм, журмын дагуу архивлаж байна.
3.12 Нарийн бичгийн дарга нь салбар хорооны хурлын бэлтгэлийг хангаж ёс зүйн зөвшөөрөл авах болон дүгнэлт гаргах материалыг нийт гишүүдэд хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 
ДӨРӨВ. САЛБАР ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1 Салбар хорооны гишүүдийн 75 хувиас дээш ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
4.2 Салбар хороо нь тус сургуулийн багш, судлаачийн судалгааны ажлын ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалд ул суурьтай хандаж, тодорхой үндэслэл бүхий шийдвэр, зөвлөмж гаргахыг эрмэлзэх ёстой.
4.3 Салбар хороо нь судалгаанд шууд оролцогчийг хамгаалах өргөн боломжийг бүрдүүлэхийн чацуу, биоанагаах ухааны судалгааг шинжлэх ухааны болон ёс зүйн хувьд чанартай, өндөр түвшинд хүрэх нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэх ёстой.
4.4 Хэлэлцэж буй асуудлын талаар гишүүдийн 75 хувиас дээш дэмжсэн тохиолдолд батална. 
4.5 Судлаачид ёс зүйн зөвшөөрөл авах болон дүгнэлт гаргах материалыг салбар хорооны хурал эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлсэн байна.
4.6 Аливаа судлаач нь дараах ёс зүйн үндсэн зарчмуудыг баримтлан, судалгааныхаа ажлыг явуулах ёстой:
4.6.1 Хувь хүнийг хүндэтгэн үзэх, хүний эрхийг дээдлэх, тэгш хандах  зарчим (бие даасан байдлыг хүндэтгэх, бие даасан байдал нь хязгаарлагдмал, эсвэл тэр байдал нь хямарсан хүнийг хамгаалах г.м.)-ыг мөрдөх
4.6.2 Үр ашигтай байх зарчим буюу хор үл хүргэх зарчим (дээд зэргийн үр ашигтай байх, аюулгүй, хоргүй байх, алдаагүй байх, алдааг аль болох бага байлгах г.м.)
4.6.3 Үнэнч шударга байх зарчим буюу тэнцүү үнэнч шударгын зaрчим (хүн бүртэй үнэнч, шударга харилцах, хүн бүрт ижил тэгш хандах, судалгааны ачаалал, үр ашгийн хуваарилалт жигд байх г.м.)
4.6.4 Туршилтын амьтны амьдрах орчин аюулгүй байдлыг ханган, хүмүүнлэгийн зарчим баримтлан амьтныг зовоохгүй, тарчлаахгүйгээр судалгаа хийх, егүүтгэх зарчмыг мөрдөх
4.6.5 Хуралд оролцох боломжгүй тухайгаа хурал болохоос нэг хоногийн өмнө нарийн бичгийн даргад мэдэгдэх
4.7 Түүнчлэн судлаач нь анагаах ухааны ёс зүйн удирдамжуудыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллах ёстой.
4.8 Эмнэл зүйн болон эмнэл зүйн өмнөх чиглэлээр (хүн, амьтан, цогцос, тархвар зүй, эм вакцин г.м.) туршилт, судалгаа явуулахыг хүссэн судлаач нь тус сургуулийн  Ёс Зүйн Хяналтын Салбар Хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн, сургуулийн Эрдмийн зөвлөл, Магистрийн зэрэг хамгаалуулах зөвлөлд хүсэлт гаргана.
4.9 Харин үндэсний болон олон улсын хэмжээний томоохон судалгааны ажил, төслийн тухайд ЭМЯ-ны Ёс Зүйн Хорооноос өгсөн зөвшөөрлийн дагуу судалгаагаа явуулна.
4.10 Судлаач нь эмнэл зүйн болон эмнэл зүйн өмнөх чиглэлээр судалгаа явуулах бол аргачлалаа Салбар хорооны даргад, эсвэл нарийн бичгийн даргад танилцуулан, ёс зүйн зөвлөгөө авах гишүүн (эксперт)-ийг томилуулна. 
4.11 Салбар хороо нь тэрхүү томилгоог хийхдээ ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, хэрэв боломжгүй бол тийм ашиг сонирхлыг ил тод болгох зарчмыг баримтална.
4.12 Улмаар томилогдсон гишүүн (эксперт)-ний саналд тулгуурлан, тус сургуулийн Салбар хорооны хурлаас тодорхой үндэслэл бүхий дүгнэлт гаргана. 
4.13 Судлаач тэрхүү дүгнэлтийн үндсэн дээр сургуулийн Эрдмийн зөвлөл, хамгаалуулах зөвлөл болон холбогдох бусад байгууллагад хандаж, дараачийн асуудлуудаа шийдвэрлүүлнэ.
4.14 Эмнэл зүйн болон эмнэл зүйн өмнөх туршилт, судалгааны үр дүнд тулгуурлан бичсэн зэрэг горилох бүтээл (диссертаци, тезис)-ийг Салбар хорооны хурлаар хэлэлцүүлэхээс өмнө Салбар хорооны дарга уг бүтээлтэй танилцаж, ёс зүйн дүгнэлт гаргах 3 гишүүнтэй комисс томилж ажиллуулна.
4.15 Комисс уг бүтээлийг ёс зүйн талаас нь судлаж, Салбар хорооны хурлаар хэлэлцүүлнэ. Салбар хорооны хурлын шийдвэр эцсийн шийдэл байна
4.16 Салбар хорооны гишүүн болон тус хорооноос томилогдсон комиссийн гишүүд нь төсөл, судалгаанд оролцох хүний талаарх мэдээлэл, холбогдох материалын нууцыг хадгалах талаар гэрээнд гарын үсэг зурах ба ёс зүйн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар мөн нэгэн адил  нууцыг хадгалж ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
4.17 Салбар хороо нь янз бүрийн түвшинд хяналт хийх ажилбарыг байнга, дэс дараатай хамтран явуулж байхаар зохион байгуулахын зэрэгцээ үндэсний болон байгууллага, орон нутгийн хяналтын дэд хороодтой хамтран ажиллах, мэдээлэл солилцох, тодорхой үйл ажиллагааг зохицуулах боломжийг бүрдүүлэх талаар анхаарна. Энэ нь ил тод, үр ашигтай хэлхээ холбоог хангах ёстой.
4.18 Салбар хорооны үйл ажиллагаатай холбогдсон шууд зардлыг тус сургууль хариуцах бөгөөд ёс зүйн зөвлөгөө авсан тохиолдолд томилогдсон гишүүн тус бүрт 5000 төгрөг, комисс томилогдсон тохиолдолд 3 гишүүн тус бүрт 20000 төгрөг, Салбар хороо хуралдвал дарга, нарийн бичгийн даргад 25000 төгрөг, хуралд оролцсон гишүүн тус бүрт 20000 төгрөг олгоно. 


ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН АНАГААХЫН ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН САЛБАР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Салбар хорооны дарга: 
Б. Цэрэндолгор (ЭЗУЗБТ-ийн эрхлэгч, ЭЗУ-ны  доктор, дэд профессор)
Салбар хорооны нарийн бичгийн дарга:
Д. Тунгалаг (БАТ-ийн ахлах багш, АУ-ны магистр) 
Салбар хорооны гишүүд:

1. Ш. Болд (ШУА-ийн гишүүн, АШУ-ны доктор, профессор)
2. М. Цэрэнбат (АУ-ны доктор, дэд профессор)
3. А. Баянмөнх (ЭСХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, БУ-ны доктор, дэд профессор)
4. Д. Бадрал (СШУТ-ийн эрхлэгч, БУ-ны доктор, дэд профессор)
5. С. Базаррагчаа (УАУТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор)


БАРИМТ БИЧГИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЯНАХ БҮРТГЭЛ
 

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team