- 2025 оны 03 сарын 15
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ДОКТОРТОЙ БОЛЛОО.
Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн төгсөгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Баттогтохын Гэрэлмаа 2025 оны 2 дугаар сарын 25-нд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Манж хэлээр бичсэн анагаах ухааны эртний гурван номын эх бичгийн цогц судалгаа” нэг сэдэвт бүтээлээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Эрдмийн зөвлөлийн гишүүд шинэхэн Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Гэрэлмаагийн ажлыг өндөр үнэлэв. Тухайлбал, өнөөдөр Франц улсад ганцхан хувь үлдсэн, 1723 онд бичсэн 8 дэвтэр анагаах ухааны эртний номын манж эх бичгийг олж орчуулан тал бүрээс нь гүнзгийрүүлэн судалж, судалгааны эргэлтэд оруулж, өрнийн болон дорнын анагаах ухааны нэгдмэл ойлголт, олон мэргэдийн оюун мэдлэгийг өргөн цар хүрээтэйгээр нэгтгэн судлах боломжийг гарган тавьжээ. Ялангуяа арга зүйн хувьд манж хэлээр бичсэн анагаах ухааны 3 номыг нэг систем болгон үзсэн нь маш шинэлэг оновчтой болсон байна. Аливаа үндэстэн орших эс орших нь өөрийн хэл бичиг дээрээ тогтдог. Харин хэл бичиг бол үгийн баялаг, үгсийн сангийн нөөц, угсаатныхаа нутгийн аялгууг хэр хэрэглэгдэн амьдлаг байгаа дээр тогтдог юм. Тиймээс энэхүү нэг сэдэвт бүтээл нь эртний монгол хэлний үгсийн санг дахин сэргээн баяжуулж орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн хомсдолоос сэргийлсэн зэрэг чухал ач холбогдолтой болсон байна хэмээн онцлон дүгнэжээ.
Б.Гэрэлмаагийн ажилд шүүмж өгсөн зарим эрдэмтэд энэхүү ажлын олон улсын ач холбогдлыг үнэлэхдээ Монголд байтугай Францад сонсогдохоор шинжлэх ухааны шинэ нээлт бүтээл болсон байна. Нүүдэлчдийн анагаах ухаан тэр дундаа Монголын уламжлалт анагаах ухааны хөгжил дэвшлийг цаашид олон судлаачдын хүч оролцоотойгоор дэлхийн хэмжээнд гаргаж тавихад шинжлэх ухаанд шинэлэг мэдээ баримт бүхий чухал ач холбогдолтой ажил болжээ хэмээн дүгнэжээ.
Анагаахын шинжлэх ухааны докторын зэргээ амжилттай хамгаалсан Б.Гэрэлмаадаа эрдэм номын үйлс улам арвидан дэлгэрч, олон арван шавь төрүүлж, Монголын уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ЭЗШУИС, Уламжлалт анагаах ухааны тэнхим