- 2024 оны 12 сарын 10
ЭЗШУИС БОЛОН СИНДҮРА-МЕД ЭМНЭЛГИЙН УРИЛГААР БНХАУ-ЫН БАГШ, ЭМЧ НАР ЗОЧИЛЛОО.
ЭЗШУИС болон Синдүра-Мед Эмнэлэгийн урилгаар 2024.09.26-10.09 хүртэл БНХАУ-ын Төвөд Эм, Эмнэлгийн Их Сургуулийн тэргүүлэх зэргийн эмч, багш, клиникийн профессор Yang Ben Zha Xi, тэргүүлэх зэргийн эмч, багш, клиникийн профессор, АУ-ны доктор Dou Zhou Cai Rang нар хүрэлцэн ирж үзлэг, оношилгоо хийлээ. Мөн ЭЗШУИС-ийн оюутан, багш нарт шинэ, шинэлэг, практикт тулгуурласан эмчилгээний аргууд зааж, өөрийн судалгааны материал, хичээл, Төвд анагаах ухааны сурах бичгийг харамгүй уламжлан заалаа.
Синдүра-Мед эмнэлэгт цаашид хэрэгжүүлж болох эмчилгээний аргууд болох Монгол төөнө бэлтгэх, хэрэглэх арга, халуун чулуун заслын арга, эм шавах эмчилгээний арга, ДоржэЮүгдүй заслын гайхамшигт арга, хануур заслын практик ач холбогдол, таван рашаан эмчилгээ, судас, хэл, шээсний ялгавартай оношилгоо, эмийн эмчилгээний хослуулан хэрэглэх арга ухаан, сурвалж бичгүүд дээрх сонирхолтой аргууд зэрэг олон олон мэдлэг, чадварыг хуримтлуулахын зэрэгцээ үзлэг хийх явцад олон шинж зүйлсийг сурч мэдсэн практик ач холбогдол ихтэй айчлал болж өндөрлөлөө. Тус сургалтын агуулгын хувьд:
1. Хөхнуур мужын Төвд эм эмнэлгийн үйл ажиллагааны товч танилцуулга, Дотор өвчний суурь болсон Эс шингэх өвчний практик ач холбогдол
2. Халуун чулуу заслын бэлтгэл, хэрэглэх арга, өвчний заалт, практик дадлага, гам дэглэм
3. Судас, хэл, шээсний практик оношилгоо, онцлог өөрчлөлтүүд талаар
4. ЭЗШУИС-ийн УАУТ-н багш нарт Төвд АУ-ы уламжлалыг таниулан, харилцан ярилцах
5. Эм хослуулан хэрэглэх арга, таван цулын өвчний үеийн эмчилгээний практик арга
6. Эм хослуулан хэрэглэх арга, зургаан савны өвчний үеийн эмчилгээний практик арга
7. Төвд сурах бичгийн агуулга, эмчилгээ оношилгооны онцлог талуудын харьцуулалт...гэх мэт байлаа.
Энэхүү боломжийг олгосон Сургуулийн захиргаа, Эмнэлгийн захирал, хамтран ажилласан Х.Улаан-Од багш болон нийт багш, ажилчид, оюутнууддаа талархал илэрхийлье.