ЭЗШУИС-ийн эм зүйн v-курсын шилдэг оюутнууд ОХУ-ын УЛАН-ҮДЭ хотод дадлага хийлээ.
Nullam euismod commodo

ЭЗШУИС-ийн Эм Зүйн ангийн 5-р курсын шилдэг 14-н оюутан ОХУ-ын Улан-Үдэ хотын Эм Зүйн албаны сүлжээн дээр 2019 оны 10 сарын 20-24 ныг дуустал дадлага хийлээ. Тус дадлагыг  ЭЗУТТ-ийн ахлах багш Ц. Алтантуяа, ЕЭТ-ийн багш М. Ууганжаргал нар удирдан амжилттай хийж гүйцэтгэлээ.

Оюутнууд Буриадын Анагаах Ухааны Их сургуулиар айлчлан лаборатори, музей, номын сан, анги танхимаар зочлон сургалт, үйл ажиллагааны талаар үнэтэй мэдээлэл авлаа.  Мөн тус сургуулийн удирдлага, багш профессорууд болон оюутнууд биднийг найрсгаар хүлээн авч өөрсдийн бэлдсэн хоол цайгаар дайлан дадлагын хугацааг дуустал мэдээлэл солилцон, тусалж дэмжин хамт байсанд бид үнэхээр их талархаж байна.

Дадлагын үеэр багш оюутнууд Буриадын Эрдэм Шинжилгээний төвөөр айлчлан үйл ажиллагаатай нь танилцаж, лаборатори өрөөнүүдээр нэг бүрчлэн орж багаж, тоног төхөөрөмж, орчин үеийн судалгаа шинжилгээний хөгжил дэвшил, ололт амжилтын талаар үнэтэй их мэдээллийг авсан нь цаашид оюутнуудыг сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийхэд нь  их ач холбогдолтой байх юм.

Дашрамд дурьдахад тус Эрдэм шинжилгээний төвд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр айлчлан ирж судалгаа шинжилгээ хийж байсан юм байна. Мөн дадлагын үеэр багш оюутнууд спортоор хичээллэж, эмчилгээний халуун рашаанаас хүртэн, үзэсгэлэнт сайхан Байгаль нуурын эргээр зугаалж, “Итгэлт хамба”-ын дацангаар айлчлан Улан-Үдэ хоттой танилцан олон сайхан найз нөхөдтэй боллоо.

 Дадлагын явцад биднийг тусалж дэмжсэн Буриадын Анагаах Ухааны Их сургуулийн Докторант  Р. Самбууням, докторант багш Еленова, докторант багш Баярмаа болон тус сургуулийн оюутны зөвлөлийн оюутнуудад талархаж байгаагаа илэрхийлж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Copyright © 2017. All Rights Reserved.